Буян-Од ХХК

“Буян-Од” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэр  Бугант тосгонд анх байгуулагдан нэг гишүүнтэй 10 сая төгрөгийн дүрмийн сантайгаар  мод боловсруулах, үйлдвэрлэл-худалдааны чиглэлээр  үйл ажиллагаагаа эхэлсэн. Улмаар 1999 онд Бугант ХК-ийн хувьцаанаас эзэмшиж байсан (нийт хөрөнгийн 38 хувь) хөрөнгийг  тусгаарлан авч компаниа өргөтгөн мод бэлтгэх боловсруулах үйлдвэрлэл, мод үржүүлэг, ойжуулалт хийх, худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо тус компани нь 48 ажиллагсадтай, үүнээс ойн дээд боловсролтой инженер техникийн ажилтан 3, ойн инженер 1, баклавар зэрэгтэй нягтлан бодогч эдийн засагч 1, тооцооны нягтлан бодогч 1, тусгай дунд боловсролтой ажилтан 3, ойн техникийн мэргэжилтэй ажилчид 20 гаруй ажиллаж байна. Үйлдвэрлэлийн болон цэвэрлэгээний зориулалтаар жил бүр 1200-1300м3 мод бэлтгэн зүсмэл материал хийж зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. 2009 онд мод модон материалын ашиглалтыг сайжруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор технологийн мод хатаалгын цех, зүймэл хавтангийн үйлдвэр ашиглалтанд оруулсан. Үүний үр дүнд 20 гаруй хүний ажлын байрыг бий болгон модны ашиглалтыг сайжруулан зах зээлд  технологийн дагуу хатаасан зүсмэл материал барилгын зориулалттай модон бэлдэц, зүймэл хавтан нийлүүлж байна. Цаашид модны үртэс ашиглах техник, технологийг судлан ажиллаж байна.   Тус компани өөрийн мод үржүүлгийн газарт жилд 600-700 мянган ширхэг стандартын тарьц, суулгац ургуулахын зэрэгцээ улсын төсвийн болон өөрийн хөрөнгөөр   150-200 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгэн мэргэжлийн түвшинд ажиллаж байна.  Манай компани нь мод бэлтгэн боловсруулах, мод үржүүлэг, ойг нөхөн сэргээх чиглэлээр олон жил ажилласан мэргэжлийн боловсон хүчин, ажиллагсадтай техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан мод боловсруулах, мод үржүүлэг, ойжуулалт хийх мэргэжлийн байгууллага юм. Цаашид энэ чиглэлээр загвар аж ахуйн нэгж болон ажиллах зорилт тавин ажиллаж байна.