Магадлан итгэмжлэлийг монгол улсад нэвтрүүлэх шаардлага

Монгол улсын Ой, модны салбарын үйлдвэрлэл 1990 оноос өмнө ДНБ-ийн 15%-ийг дангаараа эзэлж байсан төдийгүй тус салбарт 20 гаруй мод бэлтгэлийн аж ахуй, 10 гаруй үйлдвэр комбинатууд, 200 гаруй артелл цехэд 480 гаруй чиглэлийн мэргэжилтэй 30000 гаруй ажилтантайгаар мод бэлтгэлээс эцсийн модон бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байжээ. Дээрх үйлдвэр аж ахуйнууд хаалга цонх, барилгын модон бүтээгдэхүүнүүд, нэг загварын байшин болон зоргодсон шахмал хавтан хавтангууд гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байсан. Тухайн үеийн үйлдвэр аж ахуйн газруудад үйлдвэрлэлийн технологийн дамжлагын мөрдөлт, бүтээгдэхүүний чанарт улсын үзлэг хяналт, шалгалтыг тогтмол явуулдаг байсан.

Өнөөдөр зах зээлийн тогтолцооны нөхцөлд Монгол орны бүх ой төрийн мэдэлд байгаа ба бага хэмжээний ойн санг тодорхой нөхцөл, болзол, хугацаатайгаар компани, нөхөрлөл, иргэдэд эзэмшүүлж байгаа боловч эдгээр компани, нөхөрлөлүүд ойн менежментийн төлөвлөгөөгөө шууд хэрэгжүүлэх эрх байхгүй. Тэгэхээр Монгол улсад ойн тогтвортой менежмент гэсэн ойлголт аль ч шатанд хөгжөөгүй байна. Ойн тогтвортой менежментийг төрийн байгууллага эсвэл хувийн хэвшил, ойн мэргэжлийн байгууллага хийх үү, төр нь өөрөө гардаж хийх үү гэдэг асуудлыг тогтох шаардлагатай байна.

Дэлхий нийтийн туршлагаас харахад ойн тогтвортой менежментийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлж байгаа хэлбэр бол ойн магадлан итгэмжлэлийн тогтолцоо юм. Энэ магадлан итгэмжлэлийн тогтолцоог манай урд, хойд хөрш хоёулаа хэрэгжүүлээд үр ашгийг мэдрээд явж байна. Олон улсын зах зээлийн чиг хандлага нь магадлан итгэмжлэгдсэн ойн сангаас гарсан мод, модон бүтээгдэхүүн, дагалт баялагийг худалдан авах эрмэлзлэлтэй байна.

Дэлхийн зах зээлд нэвтрэх эхний алхам бол Монгол улс үндэсний хэмжээний магадлан итгэмжлэлийн тогтолцоог бий болгох явдал болж байна. Монгол улсын тулгамдаж буй хамгийн чухал 2 зорилт бол нэгдүгээрт  Ойн тогтвортой менежментийг бүх түвшинд нэвтрүүлэх, хоёрдугаарт Дэлхий нийтийн жишиг болж үр дүн тодорхой болсон магалан итгэмжлэлийн хэлбэрийг нэвтрүүлэх юм. Хэдийгээр дээрх 2 зүйлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа ч олон улсад хэрэгжиж байгаа магадлан итгэмжлэлийн хэлбэрийг хуулбарлаж нутагшуулна гэвэл өнөөдөр монгол улс бэлэн биш байна. Үүний шалтгаан нь ой нь төрийн мэдэлд байдаг ба бүх зөвшөөрөл бичиг баримт, явуулах үйл ажиллагаанууд нь төрийн захиргааны төв байгууллагаас 100% хамааралтай байдаг.

Өнөөдрийн тогтолцоогоор Ойд үйл ажиллагаа эрхлэх ганцхан байгууллага нь ойн мэргэжлийн байгууллага юм. Ойн мэргэжлийн байгууллага нв ойн менежмент хэрэгжүүлэх, ойд үйл ажиллагаа явуулахдаа төрөөс бүх зөвшөөрөл авч явуулдаг. Гэтэл олон улсын магадлан итгэмжлэлийн тогтолцоо нь тодорхой хэмжээгээр эзэмшиж авсан ойн эзэнтэй, хувийн ойд анх үүсээд магадлан итгэмжэл хийж тухайн эзэн нь ойн менежментээ төлөвлөж зөв төлөвлөсөн бол ойн менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулан магадлан итгэмжлэлд хамрагддаг. Өнөөдөр монгол улсад ийм төрийн хяналт бага  бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Тийм учраас Монгол улсад магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх хамгийн оновчтой хувилбар юу байж болох вэ гэдгийг ГОУХАН, ТББ, ОМБ-ууд судалж үзээд 1рт: Олон улсын магадлан итгэмжлэлийг шууд хуулбарлан тавих боломжгүй 2рт: Ойд үйл ажиллагаа явуулах эрхтэй ААН нь ойн мэргэжлийн байгууллага байна. Иймээс мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл гэдгийг шинээр нэвтрүүлэн тухайн магадлан итгэмжлэл хийх шалгуур үзүүлэлтээ аль болох олон улсын практикт хэрэглэж байгаа магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлттэй ойртуулсан, нийцүүлсэн байдлаар холимог шаардлага стандартуудыг гаргаж ирсэн. Хоёрдугаарт хичнээн сайн менежментийн төлөвлөгөө хийсэн байсан ч гэсэн үүнийг хэрэгжүүлдэг байгууллага нь ойн мэргэжлийн байгууллага байх болно. Төрийн мэдлийн байгууллага нь ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлэх эрх зүйн үндэс, техник тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин, ажилчид байхгүй. Өнөөдрийн ойн ангид дарга, нягтлан ойн инженер байдаг. Ийм бүтцээр төрийн байгууллагууд ямар нэгэн байдлаар ойн менежментийн төлөвлөгөө явуулах үндэс байхгүй ба ганцхан тоног төхөөрөмжтэй мэргэжлийн боловсон хүчинтэй, ажилчидтай ААН-үүд үүнийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэлээр дамжуулан аж ахуй нэгжийн чадавхи, техник технологи, боловсон хүчнийг чадваржуулан тэдний гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг сайжруулснаар зөв төлөвлөсөн менежментийн дагуу ажлаа хийх Монгол улсын ойд хэрэгжих ойн тогтвортой менежмент гэдэг зүйл бодит байдал дээр биелэх үндэс нь болно.