Урамшууллалын системээр магадлан итгэмжлэгдсэн компиануудаа дэмжье

Ойн мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудаас гарсан саналуудыг нэгтгэж үзвэл банк, санхүү, хөрөнгө оруулалт, гааль татварын хөнгөлөлт үзүүлэх, ойн менежментийг боловсронгуй болгох, ойн үйлдвэрлэлийг дэмжих, сургалт, сурталчилгаа явуулах гэсэн 5 чиглэлээр хөнгөлөлт, урамшууллын арга хэмжээ авахыг хүссэн байна.

 

1.Банк, санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх

Ойн мэргэжлийн байгууллагууд санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан техник технологийн шинэчлэл хийж чадахгүй байна. Иймээс магадлан итгэмжлэгдсэн ААН-д Банк, санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сан байгуулах, урт хугацаанд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг  Аж үйлдвэрийн болон БОНХАЖЯ хамтран боловсруулж шийдвэрлүүлбэл магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагуудад техник технологийн шинэчлэл хийх боломж бүрдэнэ.

 

2.Гааль, татварын хөнгөлөлт үзүүлэх

Ойн мэргэжлийн байгууллагууд үйлдвэрлэл явуулах, техник тоног төхөөрөмж, материал  худалдаж авах, бүтээгдэхүүн гаргахад төрөл бүрийн татварууд бэрхшээл учруулдаг тул Гааль, НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг Аж үйлдвэрийн болон БОНХАЖЯ хамтран боловсруулж шийдвэрлүүлэх шаардлагатай.

 

3.Ойн менежмент, төлөвлөлтийг боловсронгуй болгох

Ойн талаар төрөөс баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө байхгүйгээс ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлын цар хүрээ, үр дүн хангалтгүй байгаа билээ. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажлыг багтаасан ойн менежментийн төлөвлөгөөнд магадлан итгэмжлэгдсэн ААН-ийн оролцоог нэмэгдүүлэх, Мод бэлтгэл, ойн аж ахуйн арга хэмжээг урт хугацаанд оновчтой төлөвлөж түүнийг хэрэгжүүлэх ажилд магадлан итгэмжлэгдсэн ААН-ийг татан оролцуулснаар ААН-ийн урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх. Магадлан итгэмжлэгдсэн ААН-д ойн санг давуу эрхээр эзэмшүүлэх, менежментийн төлөвлөгөөнд тусгасан Ойн аж ахуйн арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх эрх олгох, Олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

 

4.Магадлан итгэмжлэгдсэн ААН-ийн давуу эрх олгох, Ойн үйлдвэрлэлийг дэмжих

Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудад улс, аймаг, сумын түвшинд үзүүлэх дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай. Тухайлбал улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Ойн аж ахуйн арга хэмжээнд зөвхөн магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудыг оролцуулах, эсхүл давуу эрхтэй байх боломжийг бүрдүүлэх. Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудад үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрх олгох, ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ойн бирж байгуулах зэрэг  асуудлыг аймаг, сумын түвшинд, ойн зам засах, дэд бүтцийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг томоохон ажлыг яамны түвшинд тус тус шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

5.Сургалт, сурталчилгаа явуулах

            Ойн мэргэжлийн байгууллагуудад мэргэжилтэй боловсон хүчний хангамж муу, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний сурталчилгаа, мэдээлэл хангалтгүй байна.  Иймээс ойн мэргэжлийн байгууллагуудын үйлдвэрлэж байгаа модон болон ойн дагалт бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, ажилчдыг сургах, дадлагажуулах ажилд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

            Ойн магадлан итгэмжлэлд хамрагдсан ойн мэргэжлийн байгуулагад үзүүлэх, хөнгөлөлт, дэмжлэг, урамшууллын арга хэмжээний төслийг дор хавсаргав.