card

 

 

ЛОГО АШИГЛАЛТ

Монголын Ойн Тогтвортой Менежментийн Зөвлөлөөс баталсан ойн мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл явуулах стандарт шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж байвал ойн мэргэжлийн байгууллага нь магадлан итгэмжлэгдэх ба магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага энэхүү логог ашиглах бүрэн эрхтэй болно.

Энэ лого нь тухайн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой хөгжиж, ойд явуулах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулж, ойгоос гарах модон бүтээгдэхүүн болон дагалт баялагийг стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн гэдгийг илтгэх тэмдэг юм.

Ойн магадлан итгэмжлэлийн лого ашиглах түр журам


1.Ерөнхий зүйл

1.1.Монголын ойн магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл (МОМИҮЗ) нь ойн мэргэжлийн байгуулллагуудыг магадлан итгэмжлэх, ойн бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах замаар ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.2. Энэхүү журам нь логоны дүрслэл, утга санааг баталгаажуулах, аж ахуйн нэгж, байгууллагад  лого ашиглах эрх олгох, лого ашиглахад шаардлага тавих, логог эрх зүйн хувьд хамгаалах  үйл ажиллагааг зохицуулна

2. Лого /таних тэмдэг/-ийн дүрслэл, утга санаа

2.1.Монголын Ойн Тогтвортой Менежментийн Зөвлөл, \МОТМЗ\ Монголын Ойн Магадлан Итгэмжлэлийн Зөвлөл, \МОМИЗ\ -ийн лого буюу таних тэмдэг бараа бүтээгдэхүүний дардасыг бүтээхэд дараах үндсэн шинж чанарыг агуулан дүрсэлсэн болно. Бэлэг тэмдэг /лого/-г бүтээхдээ нэгдүгээрт Чингис хааны ашиглаж байсан Монголын түүхийн уламжлалт онги тамгын дүрслэл, хоёрдугаарт ой модыг дүрсэлдэг уламжлал, гуравдугаарт ойн  магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллагуудын бэлэг тэмдэг/лого/-г харгалзан үзсэн болно.

а.Түүхэн хэв шинж, бэлэгдэл агуулгыг тусгасан байдал. “Монголын нууц товчоон” болон бусад түүхэн бичигт Чингис хаан болон түүний дараахи Их хаадын тамга болон эртний Монголын эзэн хаадуудын зоосон мөнгөнд онги тамга хэрэглэгдэж байсан талаар тэмдэглэгдсэн байна.

б.Ой, модны дүрслэл, илэрхийлэл. Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын гол зорилго нь Ойг хамгаалах, тогтвортой менежментийг нэвтрүүлэх бөгөөдойн мэргэжлийн байгууллагууд, тэдгээрийнүйл ажиллагаанд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Иймээс Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл ТББ-ын бэлэг тэмдэгийн тулгуур нь монгол орын ойн баялаг байх нь зүйтэй гэж үзэж байна. Манай орны ойн баялаг нь шилмүүст болон навчит модноос бүрддэг. Бид онги тамгыг суурь болгож бөөрөнхий дүрсээр навчит модыг, гурвалжин дүрсээр шилмүүст модыг дүрсэлсэн болно. Мөн 3 ширхэг шилмүүст модыг дүрсэлсэн нь модыг олон тоогоор “Ой” гэх утга, 3 өөр өнгө нь ойн насны олон хэлбэрийг агуулж байгаа юм.

в.Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудын логоны дүрслэл. Ойн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудын бэлэг тэмдэг  \лого\-ийг судлаж үзэхэд шилмүүст болон навчит модыг дүрсэлсэн байна. PEFC магадлан итгэмжлэлийн байгууллагын бэлэг тэмдэг нь шилмүүт болон навчит модыг дүрсэлсэн бол FSC нь шилмүүс, навчит модноос гадна аудитын “шалгасан” тэмдэглэгээг мөн оруулсан байна.

3. Логог ашиглах, түүний зорилго

3.1.Лого ашиглах гол зорилго нь бүтээгдэхүүний үнэн зөв, найдвартай мэдээлэлээр хангах, ойн менежментийг тасралтгүй сайжруулах,  зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг дэмжих, тухайн бүтээгдэхүүнийг урамшуулах явдал юм.

3.2. МОМИҮЗ нь магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүд логог ашиглах эрхийг олгоно.

3.3. Ойн магадлан итгэмжлэл нь МОМИҮЗ-ийн удирдах зөвлөлөөс баталгаажуулсан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу явагдана.

3.4. МОМИҮЗ-өөс олгосон лого нь тухайн  ойн бүтээгдэхүүн ойн тогтвортой менежмент бүхий ой болон бусад найдвартай эх үүсвэрээс гарал үүсэлтэй гэдгийг баталгаажуулсан мэдээлэл өгөх бөгөөд түүний дагуу худалдан авагчид  бүтээгдэхүүнийг сонгоно.

4.Логог ашиглах хүрээ

4.1.Лого нь магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн модон түүхий эд, эцсийн бараа бүтээгдэхүүнд ашиглагдана. 

4.2.Магадлан итгэмжлэгдсэн ойн мэргэжлийн байгууллагууд нь логог өөрийн албан бичиг, бараа бүтээгдэхүүнд ашиглаж болох бөгөөд бүх төрлийн тендер, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал нь болно.

5.Логог хамгаалах эрх зүйн орчин

5.1. МОМИҮЗ-ийн лого нь МОТМЗ ТББ-ын өмч мөн бөгөөд Оюуны өмчийн тухай хулиар хуулиар хамгаалагдана.

5.2. МОМИҮЗ нь магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд лого ашиглах эрх олгохдоо тодорхой хураамжийг авах бөгөөд хураамжийн хэмжээг МОМИҮЗ-ийн Удирдах зөвлөл тогтооно.

5.3.Магадлан итгэмжлэлийн логог бусдад дамжуулах, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.

          

МОНГОЛЫН ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ ТББ