card

Магадлан итгэмжлэлд хамрагдсан “Хангайн бүргэд” ХХК-нь 1999 онд үүсэн байгуулагдсан ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх чиглэлээр ажилладаг ойн мэргэжлийн байгууллага  байна. Засаг захиргааны хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг.

Одоогийн байдлаар тус компани жилд 2500м3 мод бэлтгэх хүчин чадалтай, 40-50га талбайд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх тарьц суулгацын нөөцтэй. 12 үндсэн ажилчинтай бөгөөд 65 хүнийг урт богино хугацаагаар гэрээгээр авч ажиллуулдаг. Наамал хавтан болон үртэсэн шахмал түлшний үйлдвэртэй. Түнхэлийн голын эхийн Хүдэр, Ховооцойн амны 7188 га ойн санг гэрээгээр эзэмшдэг.  Эзэмшиж байгаа ойн сандаа 3 жил тутамд ойн менежментийн төлөвлөгөө гаргаж баримтлан ажилладаг. Бэлтгэсэн модыг зүсэж банз, дүнз гаргах ба боловсруулалт хийж шүдэн углуургатай наамал хавтан үйлдвэрлэдэг. Наамал хавтангийн үйлдвэр нь 2,40м х 1,20м хэмжээтэй (2,88м2) 100-200 ширхэг хавтанг сард үйлдвэрлэх хүчин чадалтай ба жилийн 6 сард ажиллана. Жилд дундажаар 900ш буюу 2600м2орчим хавтанг үйлдвэрлэж борлуулдаг байна. Үйлдвэрээс гарсан модны үртсийг өндөр даралтаар шахаж үртсэн шахмал түлш үйлдвэрлэдэг.

Шахмал түлшний үйлдвэр нь 10 сараас 3 сар хүртэлх хугацаанд ажилладаг бөгөөд өдөрт 2,5-3тн шахмал түлш гаргах хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн шахмал түлшийг орон нутагтаа болон Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд 40кг-аар уутлан 9000 төгрөгөөр зарж борлуулдаг байна. Шахмал түлш үйлдвэрлэж байгаа нь модыг хаягдалгүй ашиглахаас гадна агаарын бохирдлыг бууруулах, хотын утааг багасгахад компаний зүгээс оруулж байгаа их хувь нэмэр гэсэн итгэл үнэмшилтэй ажилладаг байна.